Golmod
Нүүр /хуудас/ Экспедиц Малтлага Судалгаа/Сэргээн засварлалт Зургийн цомог Үйл явдал/ Ном хэвлэл Хамтрагсад


ХХ зууны хүннүгийн археологийн зарим шав

Хүннүгийн дурсгалыг анх түрүүн судласан Оросын эрдэмтэд. Ю.Д.Талько Гринцевич 1896–1902 онд Хүннү нарын оршуулгын дурсгалыг судалж эхэлжээ. Түүнээс хойш археологичид гол төлөв эд өлгийн зүйлс олох сонирхлоор оршуулгуудыг малтаж байсан. 1924–1925 онд судлаач  П.К.Козловын удирдсан “Монгол-түвдийн экспедиц” Умард Монголын Ноён уулан дахь оршуулгын газар 12 булш малтаж маш сонирхолтой эд зүйлсийг илрүүлсэн байна. Эдгээр булшны зарим нь хүннүгийн язгууртны оршуулга байв. Тухайлбал, 6 дугаар булшнаас гарсан торго, хятад  хийцийн чий будагт эдлэлүүд зэргийг дурдаж болно. Энэ нь МЭӨ 13 дугаар зуунд насан өөд болсон Вузульуоруоди шаньюгийн булш хэмээн таамаглах боломж гаргасан юм. Түүний малтлагаас 30 жилийн дараа археологич Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн нар хүннүгийн оршуулгын дурсгалыг малтан судалжээ.

Археологич Х.Пэрлээ Хэрлэн мөрний сав дахь хүннүгийн 4 газрыг 1952, 1956   онд, археологич Ц.Доржсүрэн 1954-1955 онд Ноён ууланд, 1956-1957 онд Гол модонд ажилласан юм. Тэрбээр Ноён ууланд том булш нэгийг, дунд хэмжээний 4 булш, 10 орчим дагуул булш малтсан байдаг. Хоёр дахь удаагийн экспедицээр тэрбээр 17 булштай, урд нь бүртгэлд орж байгаагүй, оршлуулгын газрыг нээжээ. 2006 онд Монгол-Оросын археологийн хамтарсан экспедиц Н.Полосмакийн удирдлага дор Ноён ууланд ажилласан юм.

Архангай аймгийн Гол модонд Ц.Доржсүрэн жижиг 26 булш малтсаны зэрэгцээ нэг том булш малтаж эхлээд дуусгаж чадалгүй орхисон байна. 1961 оноос тэрбээр Ховд аймгийн Тахилтын хотгор хэмээх газар буй хүннүгийн язгууртны оршуулгын газрыг илрүүлэн олжээ. Дараах хэдэн арван жил тэрбээр үр дүнтэйгээр ажилласан юм. 1974 оноос Х.Пэрлээ Хэнтий аймгийн Дуурлиг нарсанд болон Îросын судлаачидтай хамт Буриадын Иволгийн малтлага судалгаанд оролцжээ. Иволгид А.Давыдовагийн удирдлага дор 216 оршуулга малтан судалсан юм. Тэрбээр дараа нь С.Минаевтай хамт Дерестуй болон Царамын хүннүгийн  оршуулгын газарт ажилласан. Үүний зэрэгцээ Хятадад Тиан Гунжин ба Гуо Сюсин нарын судлаачид Ордост Хүннүгийн үеийн чухал дурсгалт газруудыг нээсэн  байдаг. Профессор Д.Цэвээндорж, С.Като нарын удирдлага дор 1990-ээд оны эхэнд Монгол-Японы археологийн хамтарсан экспедиц Хэнтийд хүннүгийн үеийн ул мөрийг судалсан билээ. 1996 оноос Монгол-Францын археологийн хамтарсан экспедиц Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын сав дахь хүннүгийн оршуулгын газарт ажиллаж нийт 100 гаруй булшийг судлав. Энэхүү экспедиц 2000 оноос Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Гол модонд шилжин ажиллаж байна.


site réalisé par multipass