Golmod
Нүүр /хуудас/ Экспедиц Малтлага Судалгаа/Сэргээн засварлалт Зургийн цомог Үйл явдал/ Ном хэвлэл Хамтрагсад
Малтлага Эгийн голын олдворт бүс Гол модны олдворт бүс






ХҮННҮ НАРЫН СОЁЛ ИРГЭНШИЛ: СУДАЛГААНЫ ЦАР ХҮРЭЭ

Монгол-Францын археологийн хамтарсан экспедиц сүүлийн 10 гаруй жилийн турш хүннү нарын соёл иргэншлийг судлах томоохон төсөл хэрэгжүүлж байна. Төв Азийн хээр талын түүхийн хамгийн бүрхэг хуудасны нэгээхэн хэсгийг археологийн малтлага судалгаагаар илрүүлэн  нягтлах ажил нь хэмжээний хувьд томоохонд тооцогдоно. Хүннү нарын төрт улс МЭӨ 3 – МЭ-ний 2 дугаар зуунд Дорноос Өрнө хүртэл 3500 км-т Манжураас Алтай, Умраас Өмнө зүг хүртэл 1000 орчим км-т Байгал далайгаас Шар мөрний тохой хүртэлх агуу уудам нутагт суурилж байсан билээ. Энэ агуу хүчин чадал бүс нутгийн геополитикийн зураглалыг өөрчлөхөд хүргэсэн юи. Тэдний халдлагаас сэргийлэн Хятадын анхны эзэнт гүрэн МЭӨ 221 онд Цагаан хэрмийн зарим хэсгийг байгуулсан. Ханчууд, тэдний залгамжлагчид МЭ 1 дүгээр зуунд л хүчирхэг Хүннү нарыг хагалан бутаргах бодлого явуулжээ.
Бичиг үсгийн дурсгал нь өнөө хир илрэн олдоогүй энэхүү соёл иргэншлийн талаарх мэдээллийг Хан улсын ордны албан ёсны түүх бичигч Сыма Цянь (МЭӨ 145–86) болон түүний залгамжлагчид тэмдэглэн үлдээсэн юм. Түүний “Түүхийн тэмдэглэл”-ийн 110 дугаар боть нь Хүннү нарын урт хугацааны хөгжлийн талаархи тэмдэглэлд зориулагдсан байдаг. Эдгээр баримт нь үнэ цэнэтэй хэдий ч, тэдний өрсөлдөгчид болохыг онцолсог зүйлс багагүй тохиолдоно. Дээрх тэмдэглэлд тохиолдох зарим зүйл бодит байдлаас зөрүүтэй байсан гэдгийг археологийн судадгааны баримтууд гэрчилдэг. Гэсэн хэдий ч, 1920 онд П.К.Козловын удирдлага дор явагдсан малтлагын арвин хэрэглэгдэхүүнээс гадна сүүлийн үед цуглуулсан мэдээллүүд шинэ таамаглал дэвшүүлэх боломж олгож байна.

Эрдэм шинжилгээний олон талт судалгааны үр дүнд тулгуурлан Монгол- Францын археологийн хамтарсан экспедиц энэхүү асуудлыг судлаж эхэлсэн. Энэ нь чухамдаа 1950-иад оны эцсээр Ц.Доржсүрэнгийн явуулж байсан ажлыг үргэлжлүүлж буй хэрэг юм. Францын Гадаад хэргийн яам болон бусад олон ивээн тэтгэгчид, тухайлбал Францын Цахилгаан эрчим хүчний сан, Монакогийн Гримальди Форум зэрэг байгууллагууд бидэнд дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Франц, Монголын Ерөнхийлөгч нар судалгааны цар хүрээг үнэлэн тус экспедицийг өөрсдийн ивээлд аваад байна.   
 
Монголын   Умард хэсэгт Эгийн голын сав нутагт хэдэн жил ажилласны дараа Археологийн экспедиц Монголын төв хэсэгт орших Архангай аймгийн нутаг, Гол модны хүннүүгийн язгууртны оршуулгын дурсгалт газар шилжин ажилласан. Судалгаа эхэлсний дараахи жил буюу 2001  онд нэгэн томоохон булшны малтлагыг эхэлсэн юм. Энэ нь өдгөө хүртэл малтан судалсан Хүннүгийн үеийн булшны дотроос хэмжээний хувьд  томд тооцогдох булшны нэг юм. Мөн 2005 онд малтан судалсан өөр нэгэн булшны оршуулга 18 метрийн гүнээс илэрсэн билээ. Энэхүү хоёр булшнаас морин тэрэг илэрч олдсон. Үүний зэрэгцээ, энэхүү оршуулгын газрын 400 орчим булшны дэвсгэр зураглалыг үйлдэж, дагуул 13  булшийг малтан судлаад байна. 2006 оноос Археологийн экспедиц Улаанбаатарт лаборатори байгуулж малтлагаас илэрч олдсон хүн, малын яс болон олдвор эд өлгийн зүйлсийг судлах, сэргээн засварлах ажлыг хийж байна. Малтлага, судалгааны явцад олдсон 500 гаруй чулуу, шавар, төмөрлөг, органик эдлэлээр хийсэн олдворуудыг судлан шинжилж үр дүнг нь хэвлэн нийтлээд байгаа билээ.

Эрдэм шинжилгээний олон хамтран ажиллагчдын хэдэн жилийн турш хийсэн энэхүү судалгаа нь гол төлөв нүүдэлчин хэмээн тооцогдож байсан ард түмний талаархи ойлголтыг эргэн харах шижмийг бүрдүүлж байна. Оршуулгын ийм том газар нь суурьшмал амьдралын уламжлал байж болох талтай. Эд өлгийн зүйлсийн баялаг байдал, төрөл зүйлсийн тоо нь хожмын Түрэгийн үе (5-7 дугаар зуун) болон Чингис  хааны (13-14 дүгээр зуун) байгуулсан Их эзэнт гүрний эхлэл, суурь гэж болохоор байна.  Нөгөөтэйгүүр энэ нь хүннү нар олон улсын худалдаа солилцоонд идэвхитэй оролцож байсныг гэрчилнэ.
site réalisé par multipass